Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн дүрэм

ЭХЭМҮТ-ийн захирлын 2011 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 118 тоот тушаалын хавсралт

Энэхүү дүрэм нь Эх Хүүхдийн Эрүүл Мэндийн Үндэсний Төвийн бүтэц, зохион байгуулалт, үйл ажиллагаа, эрх зүйн байдлыг тодорхойлж, тэдгээртэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино.

Оршин байгаа хаяг, байгууллагын нэр:  Монгол улс, 16060 Улаанбаатар, Баянгол дүүрэг 11-р хороо,  Хувьсгалчдын өргөн чөлөө, Н.Гэндэнжамцын нэрэмжит Эх Хүүхдийн Эрүүл Мэндийн Үндэсний Төв, Утас: 362633, 99059825, Факс: 976-11-362633, E-mail: This e-mail address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.     Вэб сайт: www.ehemut.mn

Нэг. Нийтлэг үндэслэл

1.1 Эх Хүүхдийн Эрүүл Мэндийн Үндэсний Төв /цаашид төв гэх/ нь эх, хүүхдэд эрүүл мэндийн  тусламж үйлчилгээ үзүүлэх тушаал шийдвэр, стандарт,арга аргачлал, зөвлөмжийг хэрэгжүүлэх үүрэг бүхий Эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын харъяа, бие даасан төрийн өмчит  хуулийн этгээд мөн.

1.2 Улсын хэмжээнд  эх, эмэгтэйчүүд, ураг-нярай, хүүхдэд төрөлжсөн нарийн мэргэжлийн тусламж, үйлчилгээ үзүүлэх эмнэлэг, поликлиник, лаборатори, тасралтгүй үйл ажиллагааг туслан, дэмжих  үүрэг  бүхий албад, нэгж, эрдэм шинжилгээний салбартай эмчилгээ – оношлогоо – сургалт – эрдэм судлалын гурамсан ажил эрхлэн, мэргэжил арга зүйн гурав дахь шатны лавлагаа тусламж үзүүлэх  төв юм.

1.3 Төв нь эх, хүүхдийн эрүүл мэндийг хамгаалах, бэхжүүлэх, нийгмийн эрүүл мэндийг сахин хамгаалах талаар гаргасан хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа Монгол улсын хуулиуд, Засгийн газрын тогтоол, Эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага болон бусад төрийн захиргааны байгууллагаас гаргасан тушаал, шийдвэрүүдийг хэрэгжүүлэн,  энэхүү дүрмийг удирдлага болгон  Эрүүл мэндийн сайдын  өмнө ажлаа тайлагнан, хариуцлага хүлээх зарчмыг баримтлана.

1.4 Төв нь эрүүл мэндийн тусламж үйлчилгээг  тэгш, хүртээмжтэй, чанартай, шуурхай үзүүлнэ.

1.5 Төв нь  үйл ажиллагаандаа тогтоосон журмын дагуу үйлдсэн тамга, тэмдэг, албан бичгийн хэвлэмэл хуудас хэрэглэх ба санхүүгийн  харилцах данстай байна.

1.6 Төвийн санхүүжилт нь улсын төсөв, эрүүл мэндийн даатгал, төлбөрт үйлчилгээ, өөрийн үйл ажиллагааны орлогоос бүрдэнэ.

1.7 Төв нь алсын хараатай, эрхэм зорилго, зорилтонд тулгуурласан үйл ажиллагааг явуулах ба бэлэгдэл /лого/, тугтай байна.

1.8 Төвийн удирдах дээд албан тушаалтныг Ерөнхий захирал гэх ба Эрүүл мэндийн сайд томилж, чөлөөлнө.

1.9 Төвийг өөрчлөн байгуулах, татан буулгах асуудлыг Эрүүл мэндийг асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага шийдвэрлэнэ.

ЭХЭМҮТ-ийн алсын хараа:  Эх, хүүхдийн эрүүл мэнд – Эх орны эрхэм баялаг

ЭХЭМҮТ-ийн эрхэм зорилго: Монгол улсад эх, хүүхдэд эмнэлгийн төрөлжсөн мэргэжлийн тусламжийг чанарын өндөр түвшинд, үйлчлүүлэгчээ дээдэлсэн тав тухтай орчинд үзүүлж, дэлхийн жишигт хүрсэн үйлчилгээг эрхэмлэнэ.

ЭХЭМҮТ-ийн үнэт зүйлс:

  1. 1.Мэргэшсэн, ёс зүйтэй, ур чадвартай хүний нөөц
  2. 2.Тэгш, хүртээмжтэй, чанартай эмнэлгийн тусламж үйлчилгээ
  3. 3.Хэрэгцээ шаардлагад бүрэн нийцсэн эмнэлгийн багаж тоног төхөөрөмж, техник, шинэ технологи, материаллаг нөөц
  4. 4.Удирдлагын манлайлал, хариуцлага, ил тод байдал, эрхэм зорилго, зорилт
  5. 5.Гэр бүлд суурилсан ээлтэй орчин, сэтгэл ханамжтай үйлчилгээ

ЭХЭМҮТ-ийн эрхэмлэх зарчим:

  1. 1.Төрийн хуулийг чандлан сахих
  2. 2.Хүнлэг, энэрэнгүй сэтгэл
  3. 3.Шудрага ёс, хариуцлага
  4. 4.Өндөр мэдлэг,  ур чадвар
  5. 5.Ёс зүй, харилцаа хандлага

ЭХЭМҮТ-ийн стратегийн тэргүүлэх чиглэл:

  1. 1.Эрдэм шинжилгээ, сургалт, практикийн гуравласан нэгдлийг бэхжүүлэх
  2. 1.Нотолгоонд суурилсан анагаах ухааны ололтыг хэрэгжүүлэн, дэвшилтэт техник, технологийг нэвтрүүлэх
  3. 2.Хүүхдийн мэс заслын шилдэг техник технологийг эмчилгээ, оношлогоонд өргөн нэвтрүүлэх
  4. 3.Хүүхдэд эрхтэн шилжүүлэх тусламж үйлчилгээг хөгжүүлэх
  5. 4.Хүүхдийн хавдрын оношлогоо эмчилгээний асуудлыг цогцоор шийдвэрлэх
  6. 5.Дэлхийн жишгийн эх барих, эмэгтэйчүүдийн тусламж үйлчилгээг хөгжүүлэх
  7. 6.Ураг, нярайн эрт оношлогооны үндэсний хэмжээний төв болох
  8. 7.Амь тэнссэн үеийн тусламж үйлчилгээний загвар төв болох
  9. 8.Дэлхийн жишгийн цахим эмнэлгийг төлөвшүүлэх

ЭХЭМҮТ-ийн ажиллах зарчим:

  1. 1.Эх, эмэгтэйчүүд, хүүхдэд төрөлжсөн  мэргэжлийн  нотолгоонд тулгуурласан тусламж үйлчилгээг багаар, чанартай, тэгш хүрээмжтэй үзүүлэх
  2. 2.Тайлан, мэдээ, мэдээллийн үнэн зөв, бодит байдлыг хангаж, үйл ажиллагаандаа явцын, гүйцэтгэлийн хяналт, дүгнэлт  хийж ажиллах
  3. 3.Эм эмнэлгийн хэрэгсэл, техник, тоног төхөөрөмжийн нөөцийг оновчтой бүрдүүлэх, зүй зохистой ашиглах
  4. 4.Жилийн үйл ажиллагааг өртөг зардлаар төсөвлөх, санхүүжилтийг урьдчилан төсөвлөгдсөн үйл ажиллагаанд зориулах, өв авлагагүй ажиллах
  5. 5.Хүний нөөцийг тасралтгүй сургах, хөгжүүлэх замаар  чадавхийг бэхжүүлэх
  6. 6.Олон улсын эмчилгээ үйлчилгээний шилдэг хандлага, зарчмыг тасралтгүй нэвтрүүлж ажиллах

ЭХЭМҮТ-ийн бэлэгдэл:

ehemut mon

Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн бэлэгдэл /лого/ нь нэр, үйлчилгээний хамрах хүрээг тодорхой харуулсан байна.

Эх хүүхэд, арга билгийн загасны хагас дугуйрсан дүрсийн дэргэд Н.Гэндэнжамцын нэрэмжит  Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв гэсэн бичгийг байрлуулна

Хүүхдээ тэвэрсэн эхийн дүрсийг арга билгийн загасны дүрстэй хослуулан нь эх хүүхдэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үндэсний түвшинд үзүүлдэг байгууллагын мөн чанарыг илтгэнэ.

Дэвсгэрийн хөх өнгө нь мөнх оршихуйг, загасны дүрс нь тусламж үйлчилгээний тасралтгүй байдлыг давхар илтгэнэ.

ЭХЭМҮТ-ийн Эх барих эмэгтэйчүүдийн эмнэлгийн бэлэгдэл:

turuh mon

Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн Эх барих эмэгтэйчүүдийн эмнэлгийн бэлэгдэл нь төвийн  бэлэгдэлтэй хэлбэрийн хувьд ижил, ягаан өнгөтэй байна.

Нярай хүүхдээ тэвэрсэн эхийн хагас дугуйрсан дүрсийн дэргэд Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв, Эх барих эмэгтэйчүүдийн эмнэлэг гэсэн бичгийг байрлуулна. Загасны дүрс нь нөхөн үржихүйн эрүүл мэндийг бэлэгдэнэ.

ЭХЭМҮТ-ийн Хүүхдийн эмнэлгийн бэлэгдэл:

child mon

Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн Хүүхдийн эмнэлгийн бэлэгдэл нь  төвийн  бэлэгдэлтэй хэлбэрийн хувьд ижил, ногоон өнгөтэй байна.

“C”,”H” гэсэн (“Children’s Hospital” – “Хүүхдийн эмнэлэг” гэсэн үгний товчлол) 2 үсэгний дунд хүүхдийн дүрсийг байрлуулсан бөгөөд хажууд нь Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн Хүүхдийн эмнэлэг гэсэн бичгийг байрлуулна.

ЭХЭМҮТ-ийн туг:

tug

Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн туг нь цагаан өнгөтэй 2 м : 1м хэмжээтэй, хүрээгээрээ цэнхэр цацагтай, голдоо төвийн бэлэгдэл  агуулсан  байна

Хоёр. Төвийн үйл ажиллагааны үндсэн чиглэл

2.1 Төв нь Монгол улсын Эрүүл Мэндийн Сайдын эрхлэх асуудлын хүрээнд улсын хэмжээнд  дараах чиглэлээр үйл ажиллагаа явуулна.

2.1.1. Эх, эмэгтэйчүүд, хүүхдэд  төрөлжсөн мэргэжлийн нотолгоонд суурилсан тусламж үйлчилгээ үзүүлэх

2.1.2. Бүх шатны эрүүл мэндийн байгууллагад мэргэжил, арга зүйн лавлагаа тусламж үзүүлэх

2.1.3. Төгсөлтийн дараах мэргэжил олгох, төрөлжсөн мэргэжлээр мэргэшүүлэх, дээшлүүлэх сургалт явуулах

2.1.4.Эрдэм шинжилгээ, судалгааны ажил эрхлэх

Гурав. Төвийн бүрэн эрх

Төв нь дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ. Үүнд:

3.1. Монгол улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хууль тогтоомж, тогтоол, шийдвэр, ЭМС-ын тушаал, хөгжлийн хөтөлбөр, төсөл, стандарт, зөвлөмжийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж биелэлтийг ханган, гүйцэтгэлийг хянах

3.2. Хүний нөөц, санхүү, аж ахуй, тусламж үйлчилгээтэй  холбоотой  үйл ажиллагааг хууль тогтоомж, стандартын дагуу  бие даан шийдвэрлэх, захиран  зарцуулах, хяналт тавих, гадаад, дотоодын байгууллагатай эрх тэгш харилцах, гэрээ хэлэлцээр хийх

3.3. Эрх хэмжээнийхээ хүрээнд тушаал, шийдвэр гарган мөрдүүлэх, албан хаагч нарын цалин, нэмэгдэл, урамшууллын  хэмжээг хууль тогтоомжийн хүрээнд тогтоох, хөдөлмөрийн сахилга, ажлын хариуцлага алдсан албан хаагч нарт хууль дүрмийн дагуу хариуцлага хүлээлгэх

3.4. Төвийн эрхэм зорилго, зорилт, уриа үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд хамт олон, төрийн болон төрийн бус байгууллага иргэдийн оролцоог дээшлүүпэх, тэдэнтэй хамтран ажиллах

3.5. Тусламж үйлчилгээ, сургалт, судлагааны ажлын ололт, дутагдлын талаарх санал зөвлөмж боловсруулж дээд шатны байгууллагад уламжлах.

3.6. Эмчилгээ, үйлчилгээ, судлагаатай холбогдсон ном товхимол, зөвлөмж, заавар хэвлүүлэх, олшруулах, нийтийн хүртээл болгох

3.7. Төвийн хөгжлийн хөтөлбөр, мөрдөгдөх дүрэм, журам, заавар, аргачлалыг боловсруулж  хэрэгжүүлэх

3.8. Өмчийн бүх хэлбэрийн эрүүл мэндийн байгууллагуудад мэргэжлийн т  дэмжлэг, 3 дахь шатлалын лавлагаа тусламж үзүүлэх

3.9. Эрдэм шинжилгээ, судлагааны төсөл боловсруулах, хэрэгжүүлэх үр дүнг тооцох

3.10. Иргэд, үйлчлүүлэгч, албан хаагч, аж ахуйн нэгж, төр олон нийтийн байгууллагын тавьсан санал, хүсэлт, өргөдөл гомдлыг шийдвэрлэх

Дөрөв. Төвийн үндсэн үүрэг

4.1. Улсын хэмжээнд эх хүүхдэд төрөлжсөн нарийн мэргэжлийн тусламж үйлчилгээг мэргэжлийн өндөр түвшинд  чанар хүртээмжтэй үзүүлэх

4.2. Төв нь чиг үүрэг, эрхэм зорилго, стратегийн зорилтыг хэрэгжүүлэх үйл ажиплагааны хэтийн болон дунд хугацааны төлөвлөгөө, хөтөлбөртэй ажиллах

4.3.  Эх, хүүхдийн эрүүл мэнд, өвчлөлийн байдалд судлагаа шинжилгээ хийж, эрүүл мэндийг сайжруулах, өвчлөл нас баралтыг бууруулах талаар бодлого хэрэгжүүлэх, арга боловсруулах  ЭМЯ болон бусад эрүүл мэндийн байгууллага, төрийн ба төрийн бус байгууллагатай хамтран ажиллах

4.4. Өмчийн бүх төрлийн эрүүл мэндийн байгууллагад мэргэжил, арга зүйн лавлагаа тусламж үзүүлэх

4.5. Үйлчлүүлэгч нарыг дээдлэн, үйлчилгээний ээлтэй, тав тухтай орчинг бүрдүүлэх

4.6.  Албан хаагч нарын ажиллах таатай нөхцлийг бүрдүүлэх, эрүүл аюулгүй ажлын байраар хангах, мэргэжил ур чадварт тохирсон цалин хөлс олгох, мэргэжил, мэдлэг, ур чадварын түвшинг тасралтгүй дээшлүүлэх

4.7. Эрдэм судлалын ажлыг дэмжин анагаах ухааны ололт оношлох, эмчлэх дэвшилттэй арга технологийг эмчилгээ үйлчилгээнд нэвтрүүлэн үр дүнг тооцож ажиллах

4.8. Үйлчлүүлэгчдэд эрүүл мэндийн боловсрол олгох сургалт сурталчилгааны ажлыг тогтмол зохион байгуулах

4.9.  Эмнэлгийн мэргэжилтэн нарт төгсөлтийн дараах төрөлжсөн нарийн мэргэжил эзэмшүүлэх, мэргэжил дээшлүүлэх сургалт, ажлын байран дахь сургалтыг тасралтгүй зохион байгуулах

4.10. Иргэд, үйлчлүүлэгч, албан хаагч, аж ахуй нэгж, төр, олон нийтийн байгууллагын тавьсан санал, хүсэлт, өргөдөл гомдлыг шийдвэрлэх

Тав. Төвийн бүтэц, үйл ажиллагааны зохион байгуулалт

5.1 Төвийн дүрэм, зохион байгуулалтын бүтцийг Эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн Эрүүл мэндийн сайд батлана.

/Бүтэц, удирдлага зохион байгуулалт, үйл ажиллагааны чиглэл, орон тоо   хавсралтаар/

5.2 Төвийн  ерөнхий захирал нь төвийн өдөр тутмын үйл ажиллагааг удирдлага, арга зүйгээр хангах, үр дүнг  Эрүүл мэндийн сайдын өмнө  тайлагнах, хариуцлага хүлээх  үүрэг бүхий төрийн албан хаагч мөн.

5.3 Төвийн  ерөнхий захирал эрхлэх асуудлынхаа хүрээнд дараах эрх, үүргийг хэрэгжүүлнэ.

5.3.1. Батлагдсан төсөв, стандарт жишгийг баримтлан зохион төвийн нэгжийн бүтэц, зохион байгуулалт, орон тоо, цалин, нэмэгдлийг тогтоох

5.3.2.  Төсвийг тогтоосон журмын дагуу захиран зарцуулах

5.3.3. Албан хаагч нарыг мэргэжлийн дагуу албан тушаалд томилох, чөлөөлөх, өөрчлөх, бууруулах, ажлын байр сэлгүүлэн ажиллуулах, шагнаж урамшуулах, сахилгын шийтгэл ноогдуулах

5.3.4.  Эмнэлэг, тасаг нэгжийн удирдлагуудыг томилж, чөлөөлөх

5.3.5. Төвийн мэдээллийн тогтолцоог бүрдүүлэх, үйлчлүүлэгч, албан хаагч нарын санал, хүсэлт, өргөдөл, гомдлыг  шийдвэрлэх

5.3.6.  Төвийг гадаад, дотоодод төлөөлөх

5.3.7. Албан хаагч нартай хөдөлмөрийн болон үр дүнгийн гэрээ байгуулах, дүгнэх

5.3.8. Албан хаагч нарын боловсрол, мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх сургалтанд хамруулах шийдвэрийг гаргах

5.4. Ерөнхий захирлын  шууд удирдлагын дор төвийн удирдах дээд байгууллага болох Удирдлагын  зөвлөл, Эрдмийн зөвлөл, Эмч, эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн салбар  хороо ажиллан хамтын шийдвэр гаргана.

5.5. Зохион байгуулалтын бүтцийн нэгжийн удирдагч, албадын дарга нар алба нэгжийн өдөр тутмын үйл ажиллагааг мэргэжил арга зүйгээр ханган, үр дүнг төвийн ерөнхий захирлын өмнө хариуцана.

5.6. Хууль тогтоомжид нийцүүлэн боловсруулан батласан хөдөлмөрийн дотоод журам, хамтын гэрээг хөдөлмөрийн харилцаанд мөрдөнө.

5.7. Хувь хүний болон төвийн үйл ажиллагааны нууцын журмыг баримтлан ажиллана.

Зургаа. Төвийн санхүүжилт

6.1.  Төвийн санхүүжилт нь улсын төсев, эрүүл мэндийн даатгал, байгууллага хамт олны хандив, өөрийн үйл ажиллагааны орлого, гадаадын зээл тусламж , хууль тогтоомжоор хориглоогүй бусад эх үүсвэрээс бүрдэнэ.

6.2. Төсвийн зарцуулалтыг мөрдөгдөж байгаа хууль тогтоомжийн хүрээнд зохицуулна.

6.3.  Төв нь төрийн сангийн бие даасан данстай, бүртгэгдсэн эд хөрөнгөтэй байна.

6.4.  Хуульд заасны дагуу  өмч, эд хөрөнгийг зохих журмын дагуу эзэмшин ашиглаж, тайлан тооцоог цаг хугацаанд нь  үнэн зөв гаргаж өгөх үүрэг хүлээнэ.

Долоо. Төвийн хамтын ажиллагаа

7.1. Гадаадын ижил төрлийн байгууллагатай хамтран ажиллах, мэргэжлийн боловсон хүчнийг сургаж бэлтгэх, гадаадын мэргэжилтнээр ажил үйлчилгээ гүйцэтгүүлэх гэрээ байгуулах, олон улсын байгууллагаас мэргэжилтэн, зочид, төлөөлөгч урих асуудлыг Эрүүл мэндийн Яамтай тохиролцон шийдвэрлэнэ.

7.2. Төвийн ерөнхий захирлын гадаад оронд туршлага судлах, мэргэжлийн сургалтанд суралцах, хурал, семинарт оролцох цаашид /албан томилолт/-ын асуудлыг Эрүүл мэндийн сайдын тушаалаар шийдвэрлэнэ.

7.3. Төвийн албан хаагч нарын гадаад, дотоодод албан томилолтоор ажиллах, суралцах асуудлыг ерөнхий захирал шийдвэрлэнэ.

7.4 Төвийн клиник тасаг алба нэгжийн хамтын ажиллагааны асуудлыг төсөл хөтөлбөр үйл ажиллагааны цар хүрээнээс хамаарч тасаг нэгжийн удирдлага, клиникийн захирал, төвийн захиргааны удирдлагын хүрээнд ярилцан шийдвэрлэнэ.

Найм.Төвийн шагнал, урамшуулал

8.1. Төв нь  Урамшууллын дараах хэлбэрүүдийг хэрэглэж болно.

  1. 1.Төвийн захирлын нэрэмжит шагнал    “Хүндэт өргөмжлөл”
  2. 2.Оны шилдэг албан хаагч, хамт олныг сурталчлах  “Хүндэт самбар”
  3. 3.Ажил үйлсээрээ манлайласан, төрийн одон медилиар шагнагдсан албан хаагчийг алдаршуулах  “Хүндэт дэвтэр”

8.2.  Шагнал, урамшуулал олгох журмыг удирдлагын  зөвлөлөөр хэлэлцэн батална.

8.3. Төрийн ба төрийн бус байгууллагын шагналд болзол шалгуурыг хангасан албан хаагч нарыг тодорхойлон, шагнаж урамшуулах нь төвийн эрх, үүрэг болно.

Eс . Төвийн бусад байгууллага, албан тушаалтантай харилцах харилцаа

9.1. Төв нь Эрүүл мэндийн яамны удирдлагууд, газар, нэгжийн дарга нартай шууд харилцаж, эрүүл мэндийн талаарх төрийн бодлого, хууль тогтоомжийг биелүүлэх ажлыг зохион байгуулахдаа чиглэл, үүрэг зөвлөмж авч үйл ажиллагаагаа уялдуулан ажиллана.

9.2. Төв нь өөрийн эрхлэх асуудлаар бусад эрүүл мэндийн байгууллага, иргэдтэй шууд, нутгийн захиргааны байгууллагатай Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн даргаар дамжуулан харилцана.

9.3. Байгууллага, аж ахуйн нэгж, хувь хүнтэй ажил, үйлчилгээ гүйцэтгэх гэрээ, хэлцэл байгуулан  баталгаажуулан ажиллана.

9.4. Гэрээ, хэлцэл хийх эрхийг  ерөнхий захирлын зөвшөөрөл олгосон эрх бүхий албан тушаалтан хэрэгжүүлнэ.

9.5. Түрээсийн гэрээтэй  ажилладаг байгууллага, хувь хүнд хууль,  дүрэм  журмын хүрээнд  гүйцэтгэлийн  хяналт,  шаардлага тавьж ажиллана.

Арав. Төвийн үйл ажиллагаанд хориглох зүйл

10.1. Төв нь дараах үйл ажиллагаа явуулахыг хориглоно.

10.1.1. Улс төр, шашны  зорилготой үйл ажиллагаа  зохион байгуулах

10.1.2. Хууль тогтоомжинд зааснаас бусад хэлбэрээр орлого олох үйл ажиллагаа явуулах

10.1.3.  Хууль тогтоомжоор хориглосон бусад үйл ажилпагаа

 

Бидэнтэй Харилцах

  • Хаяг: ЭХЭМҮТ - Хувьсгалчдын гудамж, Баянгол дүүрэг,
    16060 Улаанбаатар, Монгол улс
  • Утас: 362205
  • Факс: + (976)-11-362633