ЭХЭМҮТ –д ”Нэгэн сайн үйлсийн нээлт”-ийн тууз хайчлав
Нярай судлалын тасаг нь улсын хэмжээнд тусламж үйлчилгээ үзүүлдэг цорын ганц тасаг бөгөөд эрүүл нярайн 75 ор, дутуу нярайн эрчимт эмчилгээний 17 ортой хэсгээс бүрддэг, байгууллагын урсгал засвар үйлчилгээнээс өөр дорвитой засвар хийгдэж байгаагүй юм.
2015 онд ЭХЭМҮТ нь JCI байгууллагатай хамтран “Save Life” төслийг хэрэгжүүлж, уг тасгийг ашиглалтад оруулснаар дутуу ба бага жинтэй нярайд олон улсын түвшингийн эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлж, Мянганы хөгжлийн зорилт дах нярайн эндэгдлийг бууруулахад чиглэсэн чухал ажил боллоо.
ЭХЭМҮТ-ийн ерөнхий захирал Ш.Энхтөр: “Нярайн эрт үеийн нэн шаардлагатай тусламжийг орчин үеийн тоног төхөөрөмжтэй, олон улсын жишигт нийцсэн дотоод зохион байгуулалттай, тав тухтай тасагт үзүүлэх болсондоо баяртай байна. Манай Нярай судлалын тасаг нь 2014 онд 11260 нярайд, 1530 дутуу нярайд эрчимт эмчилгээний тусламж үйлчилгээг үзүүлсэн. Манай төв Улсын хэмжээний бүх дутуу төрөлт, зүрхний эмгэгтэй болон аймаг орон нутаг, дүүргийн хүндрэлтэй бүх төрөлтийг хүлээн авдаг тул биднээс илүү их чанартай нярайн тусламж үйлчилгээ, өндөр хариуцлагыг шаарддаг. Энэхүү орчин үеийн тоног төхөөрөмжтэй, олон улсын жишигт нийцсэн тасагтай болсноор бид нярайн эндэгдлийг бууруулж, Мянганы хөгжлийн зорилтоо биелүүлэн ажиллахад томоохон түлхэц боллоо” гэж хэллээ.
Нярай судлалын тасгийн нээлтэд ЭХЭМҮТ-ийн ерөнхий захирал Ш.Энхтөр, Монгол Улсын Их Хурлын гишүүн С.Одонтуяа, JCI - Монгол байгууллагын захирал М.Батбаяр, "Итгэл-Хавдаргүй Монгол" үндэсний сангийн тэргүүн Э.Эрдэнэ, Монгол Улсаас Герман улсад сууж байсан онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Б.Даваадорж болон төвийн эмч, ажилчид оролцлоо.
Тус тасгийн төдийгүй уг арга хэмжээнд оролцсон төвийн нийт эмч ажилчид сайхан орчин бүрдүүлсэн ажлын байр, бүрэн тоноглогдсон, ээлтэй орчинд ажиллах болсондоо ЭХЭМҮТ-ийн удирдлага, хамтран оролцсон байгууллага, бүх хүмүүст баярласнаа илэрхийлж, сэтгэл хангалуун байлаа
.